Б.Заяажаргал: Ахуй гэдэг өөрөө зохиомж ажээ
Манан татсан хөндий, шарын нүүдэл, сумын эгэл ахуй. Үзэх тусам байгалийн сайхныг мэдэрч сэтгэл баясна. Монгол хүний сэтгэлд уяатай тэр яруу мэдрэмжийг гэрэл зурагчин Б.Заяажаргал дурандаа буулгаж, удаан хугацаанд бий болсон урын сангаасаа “Нутгийн зүг” үзэсгэлэндээ дэлгэжээ. Энэ төсөл бол нүүдэлчин ахуй, өв соёлыг харуулсан баримтат бүтээл төдийгүй түүний бага нас, өсөж торнисон газар, дурсамжийн цуглуулга байв. Түүний энэхүү бие даасан анхны үзэсгэлэн “Улаан гэр” галерейд тавдугаар сарын 7 хүртэл гарах юм.
Анхны үзэсгэлэнгээ нээж, бүтээлийн номоо өлгийдөн авсанд тань баяр хүргэе. “Нутгийн зүг” төсөл хаанаас эхлэлтэй вэ?
Баярлалаа. Оюутан байхаасаа гэрэл зураг сонирхон авч эхлээд 9 гаруй жил болжээ. Энэ хугацаанд дарсан зургууд урын санг минь нэлээд арвин болгоод байлаа. Мөн миний хамтран үүсгэн байгуулсан “Нойс Арт Медиа” уран бүтээлийн нэгдлийн 5 жилийн ой энэ жил тохиож буй. Ингээд өөрийн багш Д.Давааням, хамтрагч Б.Ирээдүй нартай зөвлөлдөж, өнгөрсөн хугацаанд нутагтаа дарсан зургуудаараа үзэсгэлэн гаргаж, ном болгохоор шийдсэн. Нэгдүгээр сараас бэлтгэл ажлаа эхлэн нийт гурван сар гаруй хугацааг зарцуулж нээлээ.
Хамтдаа санаачлан эхлүүлсэн ажил гэж хэлж болох нь ээ? “Нойс Арт Медиа” хэрхэн байгуулагдсан бэ?
Би СУИС-ийн Кино, Телевиз, Медиа Урлагийн сургуульд Кино, телевизийн зураглаач мэргэжлээр суралцаж төгссөн. Тухайн үед мэргэжлийн хичээлийн Д.Давааням багштай тэгэхэд анх танилцаж, шавь орсон юм. Улмаар 2021 онд сургуулиа төгсөөд багш, ангийн найз Б.Ирээдүй хоёртойгоо нийлж “Нойс Арт Медиа”-г хамтран үүсгэн байгуулаад одоог хүртэл ажиллаж байна.
Анхны бие даасан үзэсгэлэндээ өөрийн нутгийн зургуудаа дэлгэе гэж зорьсны учир юу вэ?
Би Хөвсгөл аймгийн Ренчинхлүмбэ суманд төрж, өссөн. Миний амьдралын талаас илүү хугацаа суманд өнгөрсөн. Их сургуульд орсон хойноо ч би жил бүр амралтаараа нутагтаа очдог, одоо ч жилийн 2-3 сарыг тогтмол нутагтаа өнгөрүүлдэг. Улаанбаатар хотоос 1300 км зайтай, 48 цаг зарцуулдаг ч би тэр замыг жаргаж туулдаг юм. Очих болгондоо л ахуй орчин, хүмүүс, байгалийн сайхныг дурандаа буулгадаг. Ингэж явсаар маш их зургийн сантай болсон. Тиймээс тэдгээр бүтээлээсээ дэлгэж харуулъя гэж бодсон юм. Урын сан дахь ихэнх зураг маань нутгийн зургууд болж таарсан учраас л тэр.
9 жил бага хугацаа биш. Энэ жилүүдэд дарсан зураг гэхээр тэр олон зургаас ямар шалгуураар ном болон үзэсгэлэндээ багтаасан юм бэ?
Нийтдээ 8 жилийн хугацаанд дарсан 3000 орчим зургаас сонголт хийх хэрэгтэй болсон л доо. Эхлээд 600 орчим зургийг сонгочхоод, дахин шилж 200 зураг болгох гэх мэт үйл явцтай байсан. Түүнээсээ сэдэв санааг нь уялдуулж сонгосон. Жишээ нь дээр үед хүүхдүүд хээр газар чулуу өрөөд айл гэр болж тоглодог байсан бол одоо гар утсаар тоглож байгааг харьцуулан харуулах ч юм уу.
Номд 120 гаруй зураг багтсан. Зарим нэг цуврал зургийг ширхгээр тооцвол 140 орчим зураг бий. Харин үзэсгэлэнд 41 зураг дэлгэсэн. Цаг хугацааны хувьд хамгийн эрт дарсан зураг нь 2018 онд авсан зураг бий. Үзэсгэлэнгийн дэглэлт болон зураг сонголт дээр манай уран бүтээлийн нэгдлийнхэн болон Гамма агентлагийн гэрэл зурагчин Л.Элбэгзаяа, фото редактор М.Мөнхжаргал нар зөвлөсөн.
Үзэсгэлэн, ном хоёул замаар эхлээд, замаар төгсөж байгаа нь ямар нэг утгатай юу?
Замаар яваад нутгаар аялж байгаа гэсэн өгүүлэмж гаргахыг зорьсон. Энгийн нэгэн сумын сургуулиас эхлээд нүүдэлчин ахуй, байгалийн тогтоц, хүмүүсийн амьдрал өрнөж байгаад дахин олон салаа замаар төгсөж байгаа. Санаа нь гэрэл зургийн ном, үзэсгэлэнгээ гаргалаа, нэг том давааны ард гарсан учраас сайхан гэгч суниаж аваад, олон салаа замын аль нэгийг сонгоод дараагийн аялалдаа гарна гэдэг утгыг илэрхийлж байгаа.
Сүүлийн жилүүдэд Ренчинхлүмбэ сумыг зорих хүн цөөнгүй боллоо. Хүмүүс тэр бүр анзаардаггүй зүйл нь юу байдаг талаар хэлж өгөөч.
Дархадын амьдрал, ахуй арай өөр байдаг. Юу гэдгийг нь шууд хэлж чадахгүй ч Халх, Казах үндэстний адил өөрсдийн гэсэн онцлогтой аж төрдөг. Юу гэмээр юм бэ, Баян-өлгий, Дорнод аймагт очвол харах боломжгүй зүйлс бий. Жишээ нь “шарын нүүдэл”-ийг нэрлэж болох юм. Гэр, хогшлоо хайнагийн шард ачаад нүүдэг. Малчид онгон дагшин байгальд нүүдэллэдэг гэх мэт. Эртний уламжлалт хэв маягаа илүү хадгалж үлдсэн нь онцгой болов уу.
2017 онд ЕБС-иа төгсөөд Улаанбаатар хотод оюутан болсноосоо хойш жил бүр нутгаа зорьдог гэлээ. Энэ хугацаанд нутгийн аж амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Техник, технологийн хэрэглээ нэмэгдсэнээр нэлээд өөрчлөгдсөн. Миний бага нас хонины бэлчээр дээр өнгөрсөн. Ах дүү бид гурав хамтдаа эсвэл ээлжлээд хонио хариулдаг байлаа. 7,8 настай хүүхэд хонинд явна гэхээр адармаатай ч хөгжилтэй амьдрал туулжээ. Саяхан нэг хонь хариулж байсан хүүхэд алга болсон хэрэг гараад одоо хүмүүс хүүхдээ хонинд явуулахаа больсон. Мориор биш мотоциклоор малаа хариулдаг гээд л хүн мал хоёрын харилцан шүтэлцээ холдсон юм шиг мэдрэгддэг. Хуучин цагт зуны улиралд мал төхөөрөлгүй цагаан идээгээр зусдаг байсан бол одоо хамаагүй болчихсон. Уламжлалт ахуй алдагдаж байгаа гэх үү, өөрчлөгдөж байгаа шиг санагдсан даа.
Хотод ирсэн залуус эргээд нутагтаа очих нь ховор болсон цаг. Таныг нутаг руу тань татаад байгаа зүйл юу вэ?
Нэгдүгээрт мэргэжлийн шаардлагаар очдог. Хоёрдугаарт хотод удвал цаанаасаа л уйдчихаад байдаг юм. Азаар ажил мэргэжилтэй холбоотойгоор нутагтаа очиж урт хугацаагаар байх боломжтой байдаг. Илүү амар тайван, аз жаргалтай байдаг юм.
Энэ зургийг гэхэд адуугаа тууж явахдаа авсан. Дан ганц зураг аваад л байх биш гэртээ очоод гэрийнхээ ажлыг давхар хийнэ шүү дээ. Морь мал туухдаа, айлд зочлохдоо хаашаа ч явсан камертайгаа явдаг.
Гэрэл зургийн олон төрлөөс яагаад баримтат гэрэл зургийг сонгох болов?
Анх Д.Давааням багшийн ажил дээр очиж, удахгүй дэлгэх үзэсгэлэнгийн ажилд тусалсан юм. Тэр үед хэвлэлийн зүсэлт хийсэн гэрэл зургууд баримтат зураг байж таараад их сонирхсон. Мөн оюутан байх үедээ Ц.Батзориг сангаас жил бүр зохиодог “Хүмүүс” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнд оролцохыг зорьдог байснаас эхлэлтэй болов уу. Нэмээд намайг тойрон хүрээлж байсан хүмүүс, үлгэр дуурайлал авдаг зурагчид ихэнх нь баримтат гэрэл зургаар мэргэшсэн нь нөлөөлсөн байх. Нутгийнхаа зургийг авч эхэлсэн ч үүнээс улбаатай. Манай нутгийг зурагчид их сонирхоно, ярилцана. Эндээс л миний одоогийн ажил эхэлсэн.
Нутагтаа очоод зураг авахаар хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?
Эхэндээ хүмүүс эгнэж зогсоод зургаа авхуулдаг байлаа. Фейсбүүкийн профайл даруулах гэнэ. Гэхдээ сүүл рүүгээ “Наадах чинь дарсан зургаа угааж өгдөггүй юм” гээд тоохоо больчихсон. Өөр газар оронд бол хүмүүс хамаагүй зургаа даруулахгүй шүү дээ. Харин нутагтаа очиход хүмүүс намайг анзааралгүй, өөрсдийнхөөрөө аж төрж байгааг дурандаа буулгах нь таатай санагддаг. Бусдаас ялгаатай нь миний зургууд яг үнэнээрээ гэж хэлж болно. Хүмүүс нэг зурагчин ирлээ, зураг авч байна гээд гоё хувцсаа өмсөөд гял цал байх гэж хичээдэггүй нь гол.
Үзэсгэлэнд дэлгэсэн зургуудаас онцгой дурсамж агуулсан зураг байгаа бол тэр түүхээс хуваалцаач.
2025 оны намар Зүүн Тайгад ойн түймэр гарсан юм. Манай найз багийн дарга учраас намайг хамт явж туслахыг санал болгоод, би урд орой нь Тамгын газраас зөвшөөрөл аваад явсан. Нутгийн залуустай түймэр унтраахдаа унтрааж, зураг дарахдаа дарж гурав хоносон. Цагаан нуурт гарсан түймрийг тухайн сумынхан харьцангуй багасгасан ч намар цагт түймэр дахисан болохоор манай сумаас нэмэлт хүч хүссэн юм. Тэгээд биднийг очиход түймэр намссан байсан. Яг ид түймэртэй үед нь очсон бол илүү хүчтэй зургууд буулгах байсан болов уу гэж боддог.
Хэн хүссэн нь ном, үзэсгэлэн гаргаж чадахгүй байх. Анхны бөгөөд том ажлын ард гарахад юу мэдрэгдэж байх юм бэ?
Өмнө нь биеэ авч явдаг байснаасаа арай өөрөөр байх шаардлагатай болж байгаа юм шиг санагдсан. Илүү хариуцлага ч гэх үү, дарамт гэх үү. Жишээ нь хүнтэй мэндэлчхээд юм ярилгүй зөрчихвөл өмнө нь бол хүмүүс нэг их тоохгүй. Харин одоо бол “наадах чинь үзэсгэлэн гаргаад сэхчхэж” гэж ярих болов уу гэх мэт санаа зовнил төрөх болсон. Үүнээс гадна үзэсгэлэнгийн нээлт дээр сонссон “Зориод очих нутагтай байна гэдэг сайхан юм” гэж үг их сэтгэлд хүрсэн.
Б.Заяажаргал уран бүтээлчийн дараагийн үзэсгэлэн ямар байх бол? Дараагийн хийх зүйлийнхээ үзүүрээс атгаж амжсан уу?
Яг үнэнийг хэлэхэд цаашдаа яах талаар бодсоор л байна. Өмнө нь авсан, хийсэн зүйлсээ ингээд дэлгэчихээр цаашдаа яах талаар бодол их төрж байгаа. Өмнө нь авснаа давтаж авна гэж байхгүй шүү дээ. Нутагтаа очсон хэвээр байна. Тэгэхдээ юу авах талаараа бодож байгаа. Өөртөө таалагддаг "moody" төрлийн зургууд авч үзэх хүсэлтэй байна. Энэ удаагийн ажлаасаа концепци гэдэг зүйлийн чухлыг ойлгосон. Тиймээс дараагийн удаа энд дэлгэгдээгүй зургуудаа илүү хөгжүүлээд, илүү концепци сайтай зураг авч суръя гэж зорьж байна.
- Тайлбар: Гэрэл зургийн концепци гэдэг нь тухайн зураглалын ард буй үндсэн санаа, утга агуулга, зорилго юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.