Б.Тамир: Анзаарч чадвал агшин бүхэнд гоо сайхан оршдог
Mediative fine art гэрэл зурагчин, график дизайнер Баярсайханы Тамирын "Chimege" үзэсгэлэнгээр зочиллоо. Түүний 12 жилийн нам гүмийн ертөнцөөс урган бий болсон бие даасан хоёр дахь үзэсгэлэн үзэгчдэд хүрч өндөрлөлөө. Энэхүү үзэсгэлэнд нийт 43 шилдэг бүтээл дэлгэгдсэн бол түүний номд 109 гэрэл зураг багтжээ. Дизайнер хүний нарийн мэдрэмж, гэрэл зурагчны илэрхийлэмж хосолсон үзэсгэлэнг хамтдаа тольдоцгооё.
Энэ үзэсгэлэнгийн санаа эхний үзэсгэлэнтэй маань холбоотой. 2018 онд Монголын Урлагийн Зөвлөлөөс зарласан Гэрэл зургийн урлангаар хангах SMART хөтөлбөрт сонгогдон Швейцарь улсад 90 хоногийн турш амьдарч, гэрэл зургийн төслөө гүйцэтгээд ирсэн. Миний гэрэл зургийн сэдэв, голчлон авдаг төрөл бол байгаль. Швейцарьт байхдаа ганцаараа, өөртэйгөө нүүр тулсан тийм үе байсан. Өглөө босоод өдөр гадуур гарч алхаад л, оройн цагаар ч ганцаараа. Тухайн хөтөлбөрт сар бүр стипенд өгдөг байсан учраас өөр зүйлд сатаарахгүйгээр зөвхөн гэрэл зурагт анхаарч, уран бүтээлчийн орон зай, цаг хугацаанд төвлөрсөн чухал үе тохиосон.
Олон улсын төсөл гэдэг утгаараа төслийн менежер, куратор зэрэг багаараа ажиллаж, гурван сарын турш бясалгаж бүтээсэн учраас бие махбод, оюун санааны хувьд бэлтгэлтэй, анхны удаа гэхэд төсөл маань маш амжилттай болсон. Тухайн үед хоёр сэтгэл зүйчтэй танилцаж байсан юм. “Бид хүний сэтгэлийг анагаадаг хүмүүс байгаа юм аа. Гэхдээ бид хоёрт ч бас хүн л болсон хойно хүнд хэцүү зүйлс тохиодог, амьдралын асуудлууд бий. Өөрийн тань зургуудыг үзэж дуусаад анагаагдсан мэдрэмж авлаа. Зургаас зургийн хооронд яг л тэр орон зай, цаг хугацаанд нь очсон мэт дуу чимээ сонсогдож байгаль дэргэд үнэртэх шиг санагдлаа” хэмээж байсан юм. Ийн Швейцараас ирэхдээ л үзэсгэлэнгээ гаргах бодол, тэмүүллийг тээж ирсэн.
Хүмүүсийн тэр бүр анзаараагүй өнгөрдөг навчис ширчигнэх, салхи исгэрэх чимээ намайг анагааж, газардуулж, байгаль дэлхийгээ сонсох, сэтгэл рүүгээ өнгийх, бясалгахад гүнээ тусалдаг. Энд дэлгэгдсэн зургууд тэдгээр амар амгалангийн мөчүүдийн нийлбэр тул үзэгчид ч аниргүй нам гүмийг мэдэрч, өөрийгөө толинд тусгаж харж байгаа мэт сэтгэлээ эргэн ажихыг хүсэж байна.
НОМ
Бие даан гаргасан хоёр дахь номд 109 гэрэл зураг багтсан. Өнгөрсөн хугацаанд нийт artist book хэмээх цуврал 10 ном гаргасан байна. Тэдгээрийн 8 нь олон нийтэд нээлттэй. Дэлгэцэн дээр байгаа зургуудыг хараад л өнгөрдөг бол цаасан дээр хэвлээд бодит болгочхоор түүнийг гартаа атгаад, цаасны үнэрийг нь үнэрлэж байж тухайн зургаа ойлгодог. Харсан болгоноо буулгадаг үе маань өнгөрчихсөн болохоор камертайгаа уулзах тэр үе бол ухамсартай, бие биенээ хүндэтгэсэн шашны зан үйл гэлтэй бясалгалын шинжтэй байдаг.
Уран бүтээлч хүний хувьд үзэсгэлэн гаргана гэдэг өнөөх доторх мэдрэмжүүдээ илчилнэ гэсэн үг шүү дээ. Үзэсгэлэнгийн цаана маш олон үйл явц өрнөдөг. Эхлээд бүтээлийн санаа төрвөл бичиж явсаар хэдэн зуун ноорогтой болчихсон байсан. Анхны үзэсгэлэнгээ гаргаад гэрэл зурагчин болж өөрийн нэрийг тунхаглаж байгаа мэт их гоё мэдрэмж төрж, олон ч хүмүүсээс таатай, таашаалтай үг сонссон. "Гэрэл зураг талаасаа нэг цензур тавьчихлаа, дараа дараагийн уран бүтээлчдэд үзэсгэлэн ийм л байхгүй бол гэсэн босгыг нь өндөр тавьчихлаа даа" гэх үг ч сонссон. Тэр үг өнөөдрийг хүртэл намайг их зовоосон л доо. Анхны үзэсгэлэнгээсээ илүү сайн, санааг нь давтахгүй, өөр байлгах гэж багагүй шаналсан.
Сүүлд хоёрдугаар сард эмнэлэгт хэвтээд үзэсгэлэнгийн дэглэлт, санаагаа бодож, ямар хэмжээтэй зураг, ямар жаазтай байх вэ гэх мэтчлэн бодох цаг гарсан юм. Гэснээс энэхүү байршлыг үзэсгэлэн хийхээр бэлдэж эхлээд 67 дахь өдрөө олж мэдсэн. Тэгээд тэр даруй ирээд л товлочхоод явсан юм.
АНХ
Гэрэл зурагт дурлахад багагүй хүчин зүйл нөлөөлсөн гэж бодож байна. Аав минь зурдаг, урладаг, их уран хүн байсан юм. Гэрт Оросын сэргэн мандалтын үеийн постерууд байдаг байлаа. Би ч багадаа зурдаг, тэмцээн уралдаанд их ордог байсан. Зурах чадвар минь сайн байгаагүй ч дүрслэл, санаа нь сайн бөгөөд өвөрмөц байдаг байсан болоод шагналт байранд шалгардаг байсан байж магадгүй юм. Манай ах гэрэл зурагчин Ами гэж хүн байдаг юм. Ахын найз Дайн ба Энх хамтлагийн гишүүн асан, гэрэл зурагчин MCIT буюу Д.Энхтайван ахын нөлөө бас байсан болов уу. Тухайн үед өөрийн гэсэн камергүй, ахынхаа камераар гэрэл зураг авч эхэлж байсан юм. Тэгээд 2013 онд анх өөрийн гэсэн камертай болж, тэндээс л миний гэрэл зургийн аялал эхэлсэн.
ДУРСАМЖ
Нэг удаа Гамма агентлагийн зурагчин С.Цацралт ах дээр очиж авсан зургуудаа үзүүлээд ярилцаж байсан юм. Тэгэхэд, “Надаас ямар зураг авах талаараа асуугаад хэрэггүй ээ, гэрэл зургийн чинь өнгө төрх, үнэр, ялгарал хэдийн бүрэлдээд эхэлжээ. Бодох зүйлгүйгээр юу буулгамаар байна түүнийгээ л буулга. Хэт хайрцаглах юм бол үнэрээ гээчихнэ” гэж хэлж байсан юм. Түүний хэлсэн энэ үгнээс их урам авч байсан. Мөн анхны үзэсгэлэнгийхээ үеэр хүндэлдэг яруу найрагч Б.Батзаяа руу урилга явуулсан юм. Үзэсгэлэнгээ нээгээд хоёр дахь хоног дээр намайг байхгүй байх хойгуур ирж үзсэн юм билээ. Тэгээд над руу чатаар бичсэн юм. Чиний зургууд бол агшны яруу найраг. Тэрийг хараад л үнэхээр гоё мэдрэгдэж байсан. Дуртай яруу найрагч маань ингэж хэлсэн болохоор их урамшсан. Энэ нандин дурсамж маань тодхон санагддаг.
ӨМНӨХ ҮГЭЭ БИЧҮҮЛСЭН НЬ
Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгстэй холбогдох их хол санагдаж байлаа. Найзаараа асуулган цахим шуудангийн хаягийг нь олж аваад, өөрийн зургуудаасаа цөөн хэдийг, үзэсгэлэнгийнхээ тухай бичсэн ганцхан өгүүлбэртэй хавсаргаад явуулсан юм. Тухайн үед нэлээд ажилтай завгүй байгаа, номыг нь бүтнээр нь харъя гэсэн хариу ирж, би ч хараахан дуусаагүй байсан номоо гялалзуулаад явуулсан. Үнэхээр таалагдлаа, сайхан зургууд байна аа... Завгүй байгаа гэж хэлсэн ч бүтэн өдөр миний номын өмнөх үгийг бичихэд зарцуулсан байсанд нь маш их талархсан. Хоёр янзаар бичээд энэхүү хувилбараа сонгон илгээж байна гээд явуулсан байсан. Түүний “Тэнгэрт ургадаг модод” шүлгийн түүврийн бүх шүлэгт дуртай. Миний нэг зураг яг тэр түүврийн нэртэй төстэй санагддаг юм. Гоё шүлэг унших үед өөрийгөө амьд байгааг мэдэрдэг. "Өдөрт нэг шүлэг уншиж бай. Чамайг амьд байлгана." гэж Л.Өлзийтөгс яруу найрагчийн ярилцлаганаас уншиж байсан нь их тод үлдсэн. Манай гэрийн хаа сайгүй, булан тохой бүрт шүлгийн ном байж байдаг юм. Зураг авах, кофе, цай хийж уух, гүйх, дугуй унах, шүлэг унших зэргийг хийх үед дотоод тайвшрал, амар амгаланг мэдэрдэг.
КИНО, ХӨГЖИМ
Улаанбаатар кино наадмыг жил бүр алгасахгүй үзэхийг хичээдэг. Үзэсгэлэнтэй зураглалтай кинонуудыг түлхүү үздэг. Хэд хэдэн хүн миний зургуудыг Андрей Тарковскийн киноны зураглал шиг байна гэж хэлж байсан. Хөгжим миний амьдралд маш чухал. Зарим зургийг хараад хөгжим сонсогдож байж магадгүй юм. Хөгжмийг дүрслэх гэж хичээсэн. Сүүлийн жилүүдэд өөртөө цаг гаргаж ном унших зэрэг үедээ IDM, experimental, new wave зэрэг урсгалын хөгжим их сонсох болсон. Харин өглөөний цагаар жазз, блюз зэрэг урсгалын хөгжим сонсох дуртай.
Үзэсгэлэндээ зориулан бэлдсэн Chimege Playlist-ийг сонсоорой.
Миний уран бүтээлийн ертөнц ном зохиол, яруу найрагтай салшгүй холбоотой. Намрын улирал надад өөр нэгэн ертөнц, өөр цаг хугацааг мэдрүүлдэг бэлэг шиг санагддаг учраас энэ удаагийн үзэсгэлэндээ намрын өнгө төрхийг түлхүү тусгалаа. Заримдаа уран бүтээл төлөвлөгөөний дагуу биш, цаг хугацааны урсгалаар өөрөө аяндаа амилдаг. Намрын шаргал өнгө богинохон хугацаанд үзэгдээд өнгөрдөг нь түүний хамгийн эрхэм нандин чанар юм. Миний хувьд намар бол зөвхөн улирал биш, миний ариун сүм, миний багш, миний итгэл үнэмшил юм. Яруу найрагч хүний нүдээр хорвоогийн гоо сайхныг олж харж, түүндээ дурлаж амьдрах нь гайхалтай мэдрэмж билээ.
Хагийн хар нуурын аяллын үеэр авсан зургуудаа мөн багтаасан. Хоёр, гурван хоногийн турш нэг морьтойгоо хамт аялаж явсан юм. Морь унаж сурах амархан болов уу, сурчихна даа гэж бодож байсан ч амьд амьтантай харьцах тийм ч амар байгаагүй ээ. Намайг бүтэн өдөр нуруун дээрээ үүрч яваад, надаас болж их зовж байна даа гэж бодоод өрөвдөх, хайрлах сэтгэл төрж байсан. Тэр сэтгэлээс минь энэ цаг хугацаа бүтсэн болов уу гэж боддог. Цаг хугацааны хэмжээс ч юм шиг.
ЦААШИД…
Үзэсгэлэнгийн хаалгаар дөнгөж ороход Зүүдний өнгө хэмээх 3 зураг бий. Хүмүүсээс юу зүүдэлдгийг нь асууж, зүүд болгон өөр өөр, нийтлэг зүйл байдаггүй гэдгийг ойлгосон. Энэ зургуудаараа цуврал хийх санаатай байгаа.
Мөн visual storytelling буюу нэг хүнийг бүрэн судлаад, удаан хугацааг хамт өнгөрүүлээд баримтжуулах төрлөөр бодсон ойрын болон урт хугацааны хэд хэдэн төсөл бас бий. Хүн гэдэг уран бүтээлчдийн хувьд хамгийн том сэдэв тул энэ чиглэл рүү ажиллах талаар бодож төлөвлөж байна. Уран бүтээлч хүн үзэсгэлэнгээ гаргасны дараа асар их тайвшрал, хоосролыг мэдэрдэг. Тэр мэдрэмжээ бие сэтгэлдээ хүртэж мэдрээд, түүний дараа тархи, зүрх хоёр минь юу гэж шивнэх нь үү, сонсож байгаад л болно доо гэж бодож байна. Лав ойрын гурван жилдээ лав үзэсгэлэн дахин гаргахгүй байх.
Анзаарч чадвал агшин бүхэнд гоо сайхан оршдог. Гагцхүү түүнийг анзаарч харна гэдэг нь ганц нүдний бус сэтгэл хийгээд тархины ажил. Муу муухайд ч гоо сайхан нуугдан байдаг. Энэ сайхан бүхнийг харж, мэдэрч, уярч, яруусч яваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.