Best of PhotoVogue: Орчин үеийн гэрэл зургийн шинэ өнгө төрх
Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган уран бүтээлчид өөрсдийн бүтээлийг PhotoVogue платформд илгээдэг. Vogue-ийн туршлагатай редакторуудын шүүлтээр тэдгээрээс цөөн хэдэн бүтээл л шалгарч энэхүү цомогт багтдаг билээ.
Гэрэл зураг бол энгийн нэг нэг хальсан дээр буусан дүрслэл бус бидний дотоод ертөнцийг илэрхийлдэг урлаг гэдэгт эргэлздэггүй. Энэ утгаараа дэлхийн загвар, гэрэл зургийн салбарын тэргүүлэгч Vogue сэтгүүлээс санаачилсан PhotoVogue платформ өнөөдөр олон улс дахь шинэ авьяастнуудын дуу хоолой болжээ. Тэдгээрийн дундаас хамгийн онцгой бүтээлүүдийг “Best of PhotoVogue” цомогт түүвэрлэн, дэлхий дахинд танилцуулдаг уламжлалтай.
Энэхүү цомогт багтахын тулд уран сайхны өвөрмөц шийдэл, өгүүлэмжийн хүч, техникийн нарийн ур чадваруудыг бүрэн дүүрэн харуулсан байх шаардлагатай. Тухайн гэрэл зураг бусдаас ялгарч, өвөрмөц санаа, хэв маягийг илтгэх, хэн нэгний түүхийг өгүүлж, үзэгчийн сэтгэлд гүн хүрэх, зохиомж, харьцаа, гэрэл сүүдэр, өнгө зэрэг нь төгс хосолж, урлагийн өндөр түвшинд хийгдсэнээр шалгуурыг давсан гэж үздэг.
“Best of PhotoVogue”-т багтсан бүтээлүүд "Vogue"-ийн дэлхийн хэмжээний онлайн платформ, сэтгүүл, мөн Милан хотод зохион байгуулагддаг "PhotoVogue Festival"-д оролцох боломжтой тул гэрэл зурагчдын карьерт томоохон өөрчлөлт оруулдаг нь нууц биш юм. Саяхан буюу энэ сарын 5-нд гэрэл зурагчин Т.Энхмарал "Morally"-ийн "Son of Lune" бүтээл "Best of PhotoVogue"-т шалгарсан юм.
Гэрэл зурагчин Morally:
"Миний хувьд Fine art чиглэлээр сурч, төгссөн. Зураач мэргэжилтэй. Тиймээс энэ чиглэлээр зураг авах дуртай. Мөн ихэвчлэн фэйшн зургууд авдаг. Хамгийн хайртай төрөл бол баримтат гэрэл зураг. Гэхдээ баримтат төрлөөр авсан гэрэл зургуудаа олон нийтэд нийтэлдэггүй. PhotoVogue бол долоо хоногийн Даваа гараг бүр нэг хүн 2 бүтээл л илгээх боломжтой байдаг. Энэ бүтээлүүд нь шууд шалгарах нь тун ховор. Би өмнө нь зөндөө явуулж байсан юм. Харин шалгарсан бүтээлүүдээс 500 бүтээлийг “Best of PhotoVogue” болон ахин 500 бүтээлийг ”Pic of the day” тус тус олон улс даяар сонгон шалгаруулдаг.
Сүүлийн үед бүх шалгаруулалт цахимаар нээлттэй болсон учир оролцоод л байх хэрэгтэй гэж хэлмээр байна.
Гадаад руу зургуудаа илгээхэд тэнцсэнгүй гэдэг хариу ирдэг. Учир шалтгаан, сайжруулах боломж гэх мэтийг огт дурддаггүй. Би PhotoVogue руу хэд хэдэн удаа өмнө нь зургуудаа явуулж байсан болохоор шантарчихсан байсан ч саяхан зураг маань шалгарсан. Гэхдээ хаашаа ч хамаагүй болж өгвөл аль болох гаднын тэмцээн уралдаанд зургуудаа сайн илгээгээд байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон."
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.