"ХАМААРАЛ" үзэсгэлэнд урьж байна
Шинэ оны хамгийн анхны үзэсгэлэнгийн мэдээллийг дэлгэе. Энэ сарын 06-ны өдөр 17:00 цагт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх үзэсгэлэнд зочлоорой.
Тус үзэсгэлэн нь хүн төрөлхтөн өөр хоорондоо ямар нэг байдлаар харилцаа хамааралтай оршсоор ирсэн ч өнөө цагт энгийн амьдралд ч бид хэн нэгнээс хамаарч, хэн нэгний хамааралд орсноор өөрийн “би”-г алдсаар байгаа болон цахим орчны нөлөөлөл, үндэсний гэгдэх олон зүйлс хэрхэн алсарсаар байгаа зэргийг дүрслэх урлагийн хэд хэдэн сонирхолтой хэлбэрээр өвөрмөц орчин бүрдүүлэн олон нийтэд хүргэх аж. Мөн бүтээл бүр тайлбартайгаа байх тул үзэгчдэд илүү ойр, тухтай, бүтээлийг ойлгохгүй гэж санаа зовох бус мэдрэмжиндээ хөтлөгдөн шинэлэг мэдрэмж авахаар зохион байгуулжээ.
Уран бүтээлч Л.Мянганцэцэг: “Бид эхийн хэвлийд бүрэлдэн хорвоод мэндлээд тэнгэрт дэвшин дурсамж болсон ч ямар нэгэн зүйлтэй холбоо хамааралтай байж, хэн нэгний дурсамжид оршиж байдаг. Хүн би... бусдаас ч биш өөрөөсөө хамгийн их хамаарч, үзэл бодол, өнгө үзэмж, сэтгэл зүрхнийхээ тусгалаар нийгэмд оролцож өөрийн төрхөө бүтээдэг. Яг л толины тусгал мэт. Өдөр бүр хэдэнтээ толинд хардаг ч өөрийн дотоод хүнээс туссан дүр дүрслэлийг анзаарч, тогтож хардаг үе бий билүү? Ганц хором ч атугай түнэр харанхуйд орших хүй дарсан чулуу, хүсэл, хүлээлт зангидсан эрэл хайгуул, олборлолт, дурсамжуудын толин тусгалд та өөрийгөө олж хараарай...” хэмээн нэг бүтээлээ тайлбарласан байна.
Харин С.Зэсээгийн бүтээлд хүн хэдий байгалийн бүтээл ч эргээд тэдний хэлээр ойлголцож, эзэн нь мэт хайрлаж чадахгүйгээс улбаалсан харуусал, өнөөдрийг хүртэл замнаж ирсэн өв соёл, дурсамж, бэлгэдэл бүхнээ умартаж алсад одохдоо маш олон зүйлсийг санаатай, санамсаргүй гээсээр байгаа зэргийг харуулахаар зорьжээ. Харанхуйд ямар нэгэн зүйлсээ хайх, өөрийгөө хэн гэдгээ эргэн нэг харах мэт мэдрэмж төрүүлэх тус үзэсгэлэн 1 сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг +976 8900-6162, +976 8806-5188 дугаарт холбогдон лавлана уу.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.