Б.Батзориг: Архитектурын гэрэл зурагт барилга, хүмүүс, орчин цөм багтах учиртай

Б.Батзориг: Архитектурын гэрэл зурагт барилга, хүмүүс, орчин цөм багтах учиртай

Дэлхийн архитектурын өдрийг тохиолдуулан КАТ-ийн захирал, архитектор, гэрэл зурагчин, Б.Батзоригийн “АРХИВ” анхны бие даасан үзэсгэлэнгийн үеэр ярилцсанаа дэлгэж байна.

Нийтэлсэн
12 сарын 13, 2024
Хуваалцах


Архитектурын гэрэл зургийн онцлог, тодорхойлолт, хэм хэмжээ болон стандартын тухай танилцуулж өгнө үү. 
Юун түрүүнд архитектурын гэрэл зураг бол баримтжуулахаас гадна гэрэл сүүдэр, орон зайн харьцааг илэрхийлдэг. Ерөнхийдөө гэрэл зургаар дамжуулан тухайн архитектурын дотоод мөн чанарыг ил гаргаж чаддагаараа онцлогтой. 

Хажуугаар нь өдөр бүр алхдаг ч тэр бүр өөр өнцгөөс анзаарч ажиглаж байгаагүй зүйлс хотод их бий. Үүний нэг нь барилга байгууламжууд юм. Хүн бүхэнд тэдгээр барилгуудтай холбоотой дурсамж, түүх байдаг. Гэхдээ барилгыг алган дээрээс мэт бүхлээр нь харах завшаан тохиодоггүй билээ. Иймд архитектурын гэрэл зургаар дамжуулан барилгуудын гоо сайхныг өргөн өнцгөөр харж болдог. 

Б.Батзориг

Аливаа уран бүтээлийг хэм хэмжээ, стандартаар хайрцаглах шаардлагагүй байх. Тухайн гэрэл зураг, барилгатай харилцаж буй холбоо нь чухал юм. Архитектурын гэрэл зураг юуг харуулж, онцолж байгаагаараа ялгардаг. Хүмүүс орсон, ороогүй, заримдаа хүн орсон ч бага зэргийн сарнилттай, барилгыг бүтэн болон хэсэгчлэн харуулсан гэх мэт олон төрөлтэй. Хүмүүсийг сарниулж авч байгаа нь тухайн зургийг илүү амь оруулах зорилготой байдаг. Сүүлийн үед зөвхөн газар зогсоод зураг авахаас гадна тухайн барилгыг алслалтын аргаар томоор харуулах зорилготой дроны зургийн төрөл эрчимтэй хөгжиж байгаа. Барилга болгоны онцлог, дүрслэлийг буулгахын тулд хүрээлэн буй орчин дахь хүмүүс, мод ургамал зэргийг ашигладаг. Ингэснээр тухайн барилга нь ийм хэмжээтэй, ийм жижиг аль эсвэл ийм нүсэр гэдгийг ойлгох боломжтой болно.   


Ямар үеийн, ямар хэв маягт илүү татагддаг вэ?    

Би хувьдаа орчин үеийн хэв маягт илүү татагддаг. Аливаа хотод барилгуудын зэрэгцэн орших харьцаа чухал. Тухайлбал, нэг хуучны барилгын хажууд шинээр барилга барих гэж байгаа бол ямар өгүүлэмжтэй байх, хоорондоо хэрхэн уялдах зэргийг орчин үеийн, шинэлэг аргаар шийдэх хэрэгтэй. Тухайн барилга зэрэгцээ барилгаасаа өндөр байж болохгүй, илүү урд байрласан байж болохгүй зэрэг орон зайн харьцаа, барилгад ашиглагдах материал болон хүрээлэн буй орчныг харгалзах шаардлагатай.

Монгол бол хөгжиж буй орон учраас бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар цаашид улам л өргөжин тэлнэ. Үүний зэрэгцээ барилгын бүтээн байгуулалтын салбар маань олон төрлийн хэрэглээг нэг дор шингээсэн, илүү иргэддээ ээлтэй, ногоон, өндөр технологи ашиглан хөгжиж, түүнийг дагаад архитектурын гэрэл зураг авах хандлага ихэссэн гэж бодож байна. 

Та өөрийн онцлогийг харуулсан архитектурын бүтээл хийх төлөвлөгөө байгаа юу?            

Энэ салбартаа 10 гаруй жил ажиллаад олон барилгын зураг төсөл боловсруулсан байна. Одоо ч бас өөрийн хэв маягаа хайж яваа. Мэдээж "нэрийн хуудас" хэмээн тодорхойлогдох сайн бүтээл хийх хүсэл зорилго бий. Сайн бүтээлтэй байхын тулд тасралтгүй туршлага хуримтлуулж, судалж илүү боловсронгуй болоход цаг хугацаа хэрэгтэй гэж боддог.

Танд хамгийн түрүүнд санаанд орж буй алдартай архитектор болон гэрэл зураг                   

Мэргэжлээрээ суралцаж байхдаа Ричард РожэрсНорман ФостерЗаха Хадид зэрэг дэлхийн хэмжээний алдартай архитекторуудаас үлгэр жишээ авдаг байв. Тэдний онцлог, хэв маяг хэдийн бүрэлдэн тогтсон, ямар төрлийн барилгын зураг гаргадаг нь тодорхой байдаг. Гэхдээ суралцах тусам алдар нэр нь тийм ч түгээгүй, дунд болон орчин үеийн залуу архитекторуудын арилжааны бус, энгийн даруу бөгөөд чанартай хийц бүхий барилгуудын хэв маяг, загвар шийдэл сонирхолтой санагдаж болсон. 

Эдгээрээс хамгийн түрүүнд санаанд бууж байгаагаас гэрэл зурагчин, архитектор Юлиус Шульманы 1940,1950-аад оны алдартай бүтээлүүд байна. Түүний зургууд ихэвчлэн тавилттай, яг л жүжиг үзэж байгаа мэт мэдрэмж өгдөг.  


2005 оноос эхлэн уран бүтээлүүдээ туурвиж байгаа Нидерланд улсын архитектор, гэрэл зурагчин Иван Бааны бүтээлүүд сүүлийн үед ихээр сонирхол татаж байгаа. Эхэндээ барилгыг илүү авдаг байсан бол одоо тухайн барилга хэрхэн, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа болон дотор нь амьдарч байгаа хүмүүсийг хамт буулгадаг болсон. Бид ихэвчлэн архитектурын гэрэл зургийг тухайн барилгын зураг гэж ойлгодог ч угтаа хүрээлэн буй орчин, эргэн тойрон, хүмүүсийг тухайн зургийн хүрээнд багтаах нь чухал ач холбогдолтой. Тэр өнцгийг маш өвөрмөц, орчин үеийн хэв маягаар харуулж байгаа гэрэл зурагчин бол Иван Баан. 

Мөн гэрэл сүүдэр, зохиомжийг тодотгодог уран бүтээлч бол Германд амьдардаг Франц, Швейцарь гаралтай гэрэл зурагчин Хелен Бинет юм. Энэ мэтчилэн дурдаад байвал дуусахгүй алдартай архитектурын гэрэл зурагчид олон бий. 

Бидэнтэй цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.