Марк Гарденер: Амьд хөгжим бол маргаангүй туйлын хүчирхэг, давтагдашгүй, тун догь зүйл

Марк Гарденер: Амьд хөгжим бол маргаангүй туйлын хүчирхэг, давтагдашгүй, тун догь зүйл

Их Британиас гаралтай RIDE бол 1988 онд үүсгэн байгуулагдсан, "Shoegaze" урсгалаар уран бүтээлээ сонсогчдодоо хүргэдэг рок хамтлаг юм. Тэд саяхан Монголд анх удаа тоглолтоо хийхээр ирсэн билээ. Хэдийгээр олон улсад аялан тоглолттой, маш завгүй цагийн хуваарьтай явж байсан ч хамтлагийн дуучин, гитарчин Марк Гарденер бидэнтэй цаг гарган ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

Нийтэлсэн
8 сарын 9, 2024
Хуваалцах

Монголд анх удаа тоглолтоо хийх гэж байна шүү дээ, таны сэтгэгдэл хэр байна?

Шинэ улс орон үргэлж сэтгэл хөдөлгөм санагддаг. Бид аялан тоглолтоо эхлүүлснээс хойш маш олон улс орнуудад зочлоод байна. Монгол улсад ирэх нь бидний хувьд гэнэтийн шийдвэр байсан ч энд ирсэндээ маш баяртай байна. Шахуу цагийн хуваарьтай яваа учраас бид монгол улстай сайтар танилцаж амжихгүй бололтой. Миний хувьд монголын цаг агаар, өргөн уудам газар нутаг, бас хүмүүс нь их эелдэг сайхан санагдлаа.

Энд ирэхээсээ өмнө та монголын уран бүтээлчдийн тухай судалж үзсэн үү?

Яг үнэнээ хэлэхэд монголын уран бүтээлчдийн талаар цаг гарган судлах боломжгүй байлаа. Аялан тоглолтын үеэр тухайн улс орноо бүрэн судлах боломж бидэнд бараг л олддоггүй  л дээ. Гэхдээ монголын хэд хэдэн хамтлагуудын тухай өмнө нь сонсож байсан учраас бага зэрэг мэднэ. Ялангуяа The Hu хамтлаг гайхалтай шүү, тэдний морин толгойтой хөгжим, сонсогчдыг байлдан дагуулах чадвар нь надад үнэхээр шинэлэг санагдсан. Миний хувьд хамтлагтаа тоглохоос гадна хөгжмийн студид продьюсераар ажилладаг. Тиймдээ ч цөөнгүй хамтлаг, дуучидтай ажиллах шаардлага гардаг. Тэгэхээр магадгүй монгол уран бүтээлчидтэй хамтрах боломж гарвал дуртайяа хүлээн авах болно. Энэ удаад аль нэг монгол уран бүтээлчтэй уулзаж ярилцах цаг хомс байгаа нь харамсалтай юм.

RIDE хамтлаг анх хэрхэн байгуулагдсан тухай дурсамжаа уудалж болох уу? 

Энди бид хоёр 13-14 настай байхдаа дунд сургуульдаа танилцаж, найзууд болсон. Бид хоёул хөгжимд дуртай ч би хип хоп урлагт, ялангуяа “Afrika Bambaataa”,  электро хөгжимд дуртай байсан. Харин Энди “The Smiths”, “Camera Obscura”, “Lloyd Cole” зэрэг хамтлагуудад илүү дуртай байсан. Бид найзууд болохын хэрээр би түүний дуртай хамтлагуудыг илүү их сонсож эхэлсэн. Манай Стив бид хоёроос хэдэн насаар ах боловч ижил сургуульд сурдаг, өөр нэг амьд хөгжмийн хамтлагт тоглодог байлаа. Эцэст нь бид Стивийг хуучин хамтлагаас нь гаргаж, хамт хөгжим хийж эхэлсэн. Сургуулиа төгсөөд Энди бид хоёр Банберигийн Урлагийн Сургуульд суралцахаар болсон юм. Бидний, мөн хамтлагийн маань хувьд том шийдвэр байсныг тэр үедээ бид мэдээгүй л дээ. Урлагийн сургуульд байхдаа Энди бид хоёр Лозтой танилцсан. Ингээд хамтлаг байгуулах бүх нөөц бидэнд байгааг ойлгосон доо. Хамтлаг болох шийдвэрийн дараа бүх зүйл маш хурдан өрнөсөн гэхэд болно. Одоо эргээд бодоход галзуу цаг үе байжээ.

RIDE хамтлагийн цаашдын уран бүтээлийг ямар байгаагаар төсөөлж байна вэ?

Сайн хэлж мэдэхгүй юм. Бид бүгдээрээ маргааш, эсвэл өнөө оройноос цааш юу тохиохыг урьдчилан харж чадахгүй шүү дээ. Үнэнийг хэлэхэд би зүгээр л тууштай хөдөлмөрлөж, дуртай зүйлээ хийсээр байхыг эрмэлздэг. Хамтлагийнхаа 5,10 жилийн төлөвлөгөөг нарийн гаргахад хүндрэлтэй байдаг. Ихэнх зүйлс гэнэтийн, санамсаргүй байх тусмаа сонирхолтой санагддаг. 

Дуу хөгжмөөс гадна юу таныг урам зоригтой, аз жаргалтай болгодог вэ?

Сайхан асуулт байна. Би 10 настай охинтой. Аялан тоглолт эхлүүлэхээсээ өмнө би түүнтэй хамт Сицили руу аяллаар явсан. Тоглолтгүй үед буюу амралтын хугацаанд аяллаар явах сайхан байдаг. Хааяа бас хөлбөмбөг үзэх дуртай ч сүүлийн жилүүдэд ихэнх цагаа студид ажиллаж, охиноо асарч өнгөрүүлж байна даа.  Амьдрал их завгүй өрнөж байна шүү. Товчхондоо амарч бас ажиллах үедээ ч завгүй, ямар нэгэн шинэ зүйл турших нь намайг эрч хүчтэй байхад тусалдаг байх.

Хэрвээ өнгөрсөн болон ирээдүй, одоо цагт ч хамаагүй, аль нэг уран бүтээлчтэй хамтрах боломж тохиовол та аль уран бүтээлчтэй хамтрах вэ?

Өнгөрсөн цаг хугацаанд түр ч болов буцах боломж гардаг бол Брайан Вилсон эсвэл Эннио Морриконетой хамтран ажиллаж, дуу хийвэл гайхалтай байна байх. Электро хөгжмийн урсгалаар гэвэл Бонобо-той хамтран ажиллах нь таатай байх болно. Мэдээж шинэ залуу уран бүтээлчидтэй хамт хөгжмийн шинэ урсгал төрлөөр ажиллах ч тун давгүй санагдаж байна.

Таны санаанаас огт гардаггүй дурсамжтай тоглолтынхоо тухай дурсана уу?

Хэд хэдэн мартагдашгүй тоглолтын тухай нэрлэж чадахаар байна. Бленхейм ордонд Эннио Морриконегийн найрал хөгжмийн тоглолт сэтгэлээс ер холддоггүй. Бас "Beach Boys" хамтлагийн Брайн Вилсоныг дуулж байхыг үзсэн. Домогт "Beach Boys"-ыг үзэх үнэхээр гайхалтай байсан. Саяхан бас Fontaines D.C гэх хамтлагийг үзсэн. Тэд залуу  хамтлаг боловч үнэхээр сайн ур чадвартай, мэдрэмжтэй юм билээ. Саяхан миний студид хамтран ажилласан "Two headed horse" хамтлаг ч надад таалагддаг.  Түүнчлэн "The Prodigy"-ийг тэр үед харсан, тэд ч үнэхээр хүчирхэг байсан. Эдгээр бүх хамтлаг, уран бүтээлчдийн тоглолт бол миний хувьд гайхалтай, мартагдашгүй цаг мөч болон үлдсэн. Амьд хөгжим бол маргаангүй туйлын хүчтэй, давтагдашгүй эрчмийг цацруулдаг, тун догь зүйл.

Залуу хөгжимчид, уран бүтээлчдэд ямар зөвлөгөө хүргэхийг хүсэж байна вэ?

Хамгийн түрүүнд уран бүтээлчийн замналыг нэгэнт сонгосон бол шаргуу ажиллах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Бас маш олон удаа урам хугаралт, бүтэлгүйтэлтэй нүүр тулгарах болно. Гэхдээ алдаа, урам хугаралт бүрээс хүч чадлыг олоорой. Олны анхаарлыг татахын тулд бусадтай адилхан болох огтхон ч албагүй. Зүгээр л ямар ч нөхцөлд жинхэнэ байхыг эрхэмлээрэй. Би түрүүн "Fountaines D.C" гэдэг хамтлагийг дурдсан шүү дээ. Тэр хамтлагийн гишүүд ирланд хүмүүс бөгөөд жинхэнэ ирландчуудын хэв маяг, үндэсний дуугаралтыг хөгжимдөө шингээсэн байсан. Энэ нь тэр хамтлагт дуртай байх шалтгаан юм. Өөрийн дотроос урсан гарч буй бүхнийг мэдэрч, дуртай зүйлдээ тууштай байж чадвал үлдсэн бүх юмс цаг хугацааны эрхээр ирдэг гэдэгт итгэдэг. Хуучин цагтай харьцуулахад дуу хөгжмөө байршуулах платформууд их болсон. Тиймээс энэ цаг үеийн олгож буй боломжийг ашиглах хэрэгтэй юм шиг санагдаж байна.

Яг одоо ч тантай ярилцаад сууж байгаадаа итгэж чадахгүй юм. Хэдийгээр маш завгүй байгаа ч ярилцлагад зориулан цаг гаргасанд тань баярлалаа. 

Та бүхэнд чин сэтгэлээсээ мөн талархал илэрхийлье. Дараа дахин Улаанбаатарт заавал ирэх болно оо. Найрсаг, халуун дотноор хүлээн авсан бүх үзэгчдэдээ баярлалаа. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.