Б.Инжинааш: "Хожимдсон үзвэр"

Б.Инжинааш: "Хожимдсон үзвэр"

Баримтат гэрэл зурагчин Б.Инжинаашийн хожим дэлгэгдсэн "Хожимдсон үзвэр" гэрэл зургийн үзэсгэлэн Улаан гэр арт галерейд нээгдлээ.

Нийтэлсэн
10 сарын 28, 2025
Хуваалцах

Бид түүний зарим бүтээлийн ард орших түүхийг өөрөөс нь сонсож, тэрхүү дурсамж, дуу хоолойг цухасхан хүргэж байна. Энэхүү үзэсгэлэн нь түүний 17 жилийн хугацаанд буулгасан 101 гэрэл зургаас бүрдсэн юм. Өнгөрсөн цагийн бодит мөчүүдийг өнөөдөр эргүүлэн авчирч, анзаараагүй үлдсэн амьдралын хэсгүүдийг эргэн сөхжээ. 

"Сувдан ээмэгтэй бүсгүй гэж уран зурагтай төстэй гэж харах хүмүүс бий. Ховд аймгийн гурван сумд нийлээд эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө зохион байгуулагдах үед энэ эгч олон дундаас их ганган, өнгөлөг хэрнээ байгаагаараа л нэг тийм сэтгэл их татсан. Тухайн үед бол тэр уран зурагтай адилхан энэ тэр гэж бодож аваагүй л дээ. Дараа нь харахад л адилхан санагдаж байсан.

Харин энэ ах цагдаа биш л дээ. Айлын хамгийн бага нь л эрүүл, бусад гэр бүлийн гишүүд нь сэтгэцийн өвчтэй хүмүүс байсан юм. Бүгдээрээ их ойролцоо царайтай, гэмгүй хүмүүс байсан л даа. Энэ өмссөн малгайнаасаа л болж өөрийгөө цагдаа гээд байдаг болов уу гэж бодсон."

Яагаад хожимдож байгаа юм бэ? 

Энд байгаа зургууд олон нийтийн сүлжээгээр хэдийн хүмүүст хүрсэн. Бас зураг аваад чамгүй хугацаа өнгөрсөн байна. Нэг нэгний хөрөг гээд нэвтрүүлэг дээр үзэсгэлэн гаргах бодолтой байна гээд бараг 10 жилийн өмнө л ярьж байсан юм билээ. Хожимдчихсон л байгаа биз дээ? Гэхдээ бас энэ үгийг яаж олсон бэ гэвэл толь бичгээс “Миний үзэсгэлэнд нэр өгөөч” гээд асуутал “хожимдох” гэдэг үг гарч ирсэн дээ. Тэгээд л “Хожимдсон үзвэр” гэж нэрлэсэн юм. 

Мэдээж төлөвлөж авсан зургууд бий. Гэхдээ төлөвлөнө гэдэг маань яг энэ зургийг авна даа гэж төлөвлөх тухай биш. Хэзээ хаана очихоо л төлөвлөх тухай. Бас өдөр тутамд камераа бариад гардаг, эдгээр зургуудыг авдаг. Тиймээс энэ шүлгийг бас оруулж өгсөн юм. Өдөр бүр бэлэг гээд. 

Эгэл амьдралын цаана орших үнэнийг гэрэл зурагт буулган үлдээсэн түүний бүтээлүүд хожимдсон ч гэлээ цаг хугацааны урсгалд бүдгэрээгүй дурсамжийг сэргээнэ. Уншигч та бүхнийг үзэсгэлэнгийн үеэр буюу 11-р сарын 1-нд болох үзэсгэлэнгийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн түүний "Glimpse of Us" гэрэл зургийн ном болон үзэсгэлэнд дэлгэгдсэн гэрэл зургуудыг хэвлэмэл байдлаар гарын үсэг зуруулан худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сан-аас хүлээн аваарай. 

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төв, 402 тоот, Улаан гэр арт галерей

Хэзээ:  2025 оны 10 сарын 17 – 11 сарын 04

Зохион байгуулагч:

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.