Пинхол камера гэж юу вэ?
Таны одоо байгаа өрөөг бүхэлд нь тас харанхуй болгочихлоо гэж төсөөлөөд аль нэг талд бяцхан нүх гаргахад эсрэг талынхаа ханан дээр нүхээр орж ирж буй гэрэлтэй хэсгийн дүрс бууж харагдана. Үүнийг “камера обскура” гэдэг бөгөөд 16-р зууны дунд үеээс хүмүүс юмсыг гэрэлтүүлэн зурах үйл явцад ашигладаг байжээ. Харин 19-р зууны эхний хагасаас гэрэл зураг буулгаж болохыг баталсан.
Энэхүү зарчмын дагуу чүдэнзний хайрцаг ашиглан пинхол камер хийж зураг авах нь гэрэл зураг бүтэх явцын үндэс суурийг ойлгох боломжтой юм. Анх пинхол камер хийж түүгээрээ зураг авах үед нэг л итгэж өгөхгүй байв. Харин дараа нь хальсаа боловсруулаад хартал үнэхээр л ер бусын гэмээр зургууд намайг хүлээж байсан.
Пинхол камерт ашиглагдсан материал: Чүдэнзний хайрцаг, ооны сав, хар скоч, лааз, 1 шинэ хальс, 1 дууссан хальсны сав.
Чүдэнзний хайрцгийн өндөр 3,5 см байдаг бөгөөд гэрэл зурагчдын өргөн ашигладаг хальс мөн адил 35мм байдаг. Иймд чүдэнзний хайрцаг дотуур хальс гүйлгэхэд төгс таардаг учраас чүдэнзний хайрцаг ашигласан.
Хэрхэн хийх вэ?
1. Чүдэнзний хайрцагт цоолох нүхнээс бусад хэсгээр гэрэл оруулахгүй байхын тулд сайтар битүүлж хараар будах хэрэгтэй. Чүдэнзний дотор хайрцагт зураг авах хүрээ буюу кадраа гаргана.
2. Хайрцгийн гадар хэсэгт гэрэл оруулах маш жижиг нүх үүсгэх бөгөөд энэ нүхээр (линзний өрц) зураг авах учир нээгдэж хаагддаг (камерын хөшиг) байх хэрэгтэй.
3. Ингээд хайрцгаа буцаан угсарч тойруулан хар скочоор ороогоод онгойх хэсэг буюу 2 талыг задгай үлдээнэ. (Үүгээр хальсаа гүйлгэх учир)
4. Хайрцгийн 1 талд хоосон хальсны сав харин нөгөөх нь шинэ хальс байх бөгөөд нэгээс нөгөө рүү хураах замаар зургуудаа авна.
5. Маш жижиг нүх гаргасан учир гэрэл оруулж зураг буулгах хугацаа маань нилээд удаан байх тул камераа аль болох хөдөлгөөнгүй байлгах нь чухал. Өдрийн нарны гэрэлд ойролцоогоор 1-2 секундын турш бариад зургаа авна. Харин орой бүрэнхий цагаар болон дотор орчинд 1-10 минут орчимд 1 зурагт бүтнэ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.