Архангай аймаг, Жаргалант сум, Асайт баг 

Архангай аймаг, Жаргалант сум, Асайт баг 

Монгол орон бол өргөн уудам газар нутагтай, хангай, говь хосолсон өвөрмөц байгалийн тогтоцтой билээ. Иймд монголчууд бидний аж амьдралын салшгүй нэгэн хэсэгт нүүдэлчин ахуй, соёл оршдог. Уншигч танд энэ удаа Архангай аймгийн малчин өрхийн эгэл даруу аж байдлыг харуулсан гэрэл зургийг дэлгэж байна.

Нийтэлсэн
11 сарын 10, 2023
Хуваалцах

Нүүдэлчин малчид зуны улиралд усны ойр, өвсний соргогыг түшиглэн зусах/зунших газраа сонгон нүүдэллэдэг. Харин миний энэ удаа очсон нутаг бол Улаанбаатар хотоос 540 гаруй километрийн зайд байрлах Архангай аймгийн Жаргалант сумын харъяа Асайт багийн зуслан юм. Монгол улсын хойд хэсэгт хангайн уулархаг бүсэд байршдаг тул зуны дэлгэр цагт ч шөнөдөө сэрүүн уур амьсгалтай, өндөрлөг газар учир салхитай. Мөн энд дурдахгүй байхын аргагүй нэгэн зүйл гэвэл энэ багт үүрэн телефоны сүлжээ, цахилгаан эрчим хүч үгүй. Иймд энд зуншиж буй айл өрх зөөврийн аккумлятор, нарны эх үүсвэрээр цахилгааны хэрэглээгээ шийдсэн байдаг. Асайт голыг дагасан уул нурууд нь ойн бүс учраас эндхийн суурин оршин суугчид модон байшинд аж төрдөг.

Малчид голдуу сарлаг, ямаа, адуу маллан амьдардаг. Монгол Улсын мал тооллогоор Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багт 2022 оны байдлаар нийт 4900 гаруй сарлагтай хэмээн бүртгэгджээ. Сарлаг гэгч сүрлэг амьтан их үргэмтгий, догшин. Хангайн хүнд цаг уурын нөхцөлд, өндөрлөг уулсын дунд бэлчдэг ч тухайн нутаг орондоо гойд зохицон амьдрах чадвартай.


Зусланд малаа тарга тэвээрэг авхуулж, цагаан идээний үйлдвэрлэл явагдана. Монгол нүүдэлчин малчид өглөөнөөс орой хүртэл зүгээр суулгүй өдрийг өнгөрүүлдэг. Өглөөний сааль, тараг бүрэх, аарц шахах, ааруул хийх,  усанд явах, түлээ бэлдэх гэх мэт малчдын ажил ер зогсдоггүй. Хотоос залуус нутагтаа хүүхдүүдээ дагуулан ирж төрөл садантайгаа уулзаж, малчдын ажилд тусалдаг. Энэ нь тэдэнд их хотоос холдож хөдөө амрах боломж бөгөөд хүүхдүүд эрүүл агаарт Монгол ахуйд ойр торнихын ач их ээ. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.