Б.Амарсанаа: Кино бол бизнес биш, урлаг гэдгийг ойлгуулахын тулд кино наадмууд зохиогддог

Б.Амарсанаа: Кино бол бизнес биш, урлаг гэдгийг ойлгуулахын тулд кино наадмууд зохиогддог

Улаанбаатар XVII олон улсын кино наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн "Залуу үзэгч" хэсгийн хөтөлбөр боловсруулагчаар ажилласан кино судлаач, шүүмжлэгч Б.Амарсанаатай ярилцсанаа хүргэе.

Нийтэлсэн
10 сарын 20, 2025
Хуваалцах

Кино шүүмжлэгч гэж юу хийдэг хүнийг хэлэх вэ? 

Миний хувьд кино урлагт сонирхолтой байсан ч кино "хийдэг" хүн болно эсхүл киноны салбарын хүн болно гэж огт бодож байгаагүй. Намайг англи хэл, уран зохиол чиглэлийн мэргэжлээр бакалаврын 3-р курст байхад академик эсээ бичлэгийн багш маань нэг удаа киноны шүүмж буюу ревью бичих даалгавар өгч байсан юм. 

Оюутнууд эхний нооргоо өгөөд хэсэг хугацааны дараа багш засах зүйлсийг хэлж, дахин засварлах маягаар хичээл үргэлжилдэг байв. Гэтэл тэр үед миний бичсэн шүүмжид багшаас ямар ч засвар ирээгүй. Тэгэхэд багшдаа магтуулсандаа маш их урамшиж энэ мөчөөс л кино шүүмж бичих эхлэл тавигдсан гэж болно.

Үүний дараа би хятад хэл, соёл судлал мэргэжлээр Шанхайд магистрын зэрэг хамгаалахаар сурч байхдаа кино урлагийг гүн судалж эхэлсэн. Ковидын үе байсан болохоор кино үзэх цаг ихтэй, тухайн үед он цагийн дараалалтай, системтэйгээр Хятад кинонуудыг үзэж эхэлсэн. Кино урлагийн тухай мэдээлэл англи хэл дээр элбэг хэдий ч Хятадын кино урлагийн тухай материал маш ховор болохыг анзаарсан. Тэгээд өөрөө бичиж эхлээд шүүмж бичих сургалт, онлайн семинарт хамрагдаж явсаар нэг мэдэхэд л кино шүүмж бичдэг хүн болсон байлаа.

Кино шүүмжлэгч бол кино урлагийн салбарын хүн биш, хэвлэл мэдээллийн хүн ч биш. Яг энэ хоёрын дунд оршдог. Би нэг шүүмж бичлээ гэхэд нийтлүүлж байгаа хэвлэл, сэтгүүл, сайтаасаа л хөлсөө авдаг. Харин кино багийн талаас ямар нэг үнэ хөлс авах ёсгүй. Учир нь кино шүүмж болон кино PR (пи-ар) бол хоёр тусдаа зүйл. Монголд энэ зааг ялгаа нэлээн бүдгэрчихсэн.

Би англи хэл дээр бичгийн чадвараа чамгүй хөгжүүлсэн учраас шүүмжээ англи хэл дээр бичдэг байсан. Харин монголоор бичихэд энд кино шүүмж бичих орон зай, зах зээл хомс. Ялангуяа Монголд амьдардаггүй тохиолдолд бүр ч хэцүү. Харин Хятад хэлээр бичье гэхэд Хятадад кино шүүмж бичдэг хүн маш олон, өрсөлдөх шаардлагагүй гэдгийг ойлгосон. Тиймээс Хятад киноны талаар шүүмжийг англи хэл дээр бичиж эхэлсэн.

Дараа нь монгол уншигчдад хүртээмжтэй байх үүднээс монголоор давхар бичсээр байна. Цар хүрээгээ, үзэгчдийн тоогоороо Азийн хамгийн том наадамд тооцогддог Шанхайн кино наадамд найруулагч Ч.Батбаярын “Out of Paradise” бүтээл 2018 онд шилдгийн шилдгээр шалгарч, “Best Feature Golden Goblet” шагнал хүртэж байсан. Гэхдээ Монголд өнгөрсөн жил театруудаар гарахад л дийлэнх хүмүүс уг киног мэдэж авсан. Энэ мэтчилэн монгол кинонууд олон улсын кино наадмуудад шалгарч, шагнал авдаг ч монгол үзэгчид мэдэхгүй өнгөрөх нь бий. Тиймээс монгол кино урлагийн талаар мэдээлэл түгээх, шүүмж бичих зорилгоор “Бэсрэг Кино” гэдэг Facebook хуудсыг нээсэн.

“Кино наадам” гэж таны хувьд яг юу вэ? Кино урлагийн хөгжилд ямар нөлөөтэй вэ?

Монголд Улаанбаатар олон улсын кино наадам, Алтан өргөө, Хархорум, “Цэнхэр тэнгэрийн цаана” гэх кино наадмууд бий. Эдгээр наадамд гардаг кинонууд  театр, зурагт, эсвэл IPTV-ээр гардаг кинонуудаас тэс өөр. Монголын зах зээлд үзэгчдийн таашаалд хүрч буй киноны дийлэнх нь инээдмийн, аймшгийн зэрэг ашгийн төлөө байх нь олонтаа. Харин кино бол зөвхөн бизнес биш урлаг гэдгийг ойлгуулахын тулд кино наадам оршдог гэж би итгэдэг. Мөн кино наадам нь зөвхөн үзэгчдэд үзвэр үзүүлэхээс гадна сургалт, төсөл, хөтөлбөрөөр дамжуулан кино урлагийн боловсролыг олон нийтэд олгодгоороо онцлогтой.

Улаанбаатар олон улсын кино наадам бусад кино наадмуудаас юугаараа ялгаатай вэ?

Улс бүрийн кино наадам өөрийн онцлогтой. Баримтат, анимейшн, дуугүй кино, богино хэмжээний кино зэрэг төрөлжсөн наадмууд ч бий. Улаанбаатар кино наадамд олон улсын уралдаант хэсэг байхгүй ч үзвэрийн хэсэг нь маш чухал. Энд тухайн жилдээ нээлтээ хийсэн, Канн, Локарно зэрэг нэр хүндтэй наадмаас шагнал хүртсэн дэлхийн хэмжээний кинонууд багтдаг. Монгол үзэгчдэд эдгээр бүтээлийг цаг алдалгүй үзүүлэх боломж олгодгоороо ач холбогдолтой.

Та “Залуу үзэгч” хөтөлбөрийн хөтөлбөр боловсруулагчаар ажилласан шүү дээ. Энэ туршлага ямар байсан бэ?

Энэ жил анх удаа Улаанбаатар кино наадамд хөтөлбөр боловсруулагчаар ажилласан. “Залуу үзэгч” хэдий дөрвөн кинотой жижиг хөтөлбөр ч гэсэн кино сонгох, орчуулах гээд бүх үйл явцыг гардан хийсэн. Анх долоо, найман кинотой урьдчилсан жагсаалт гаргаад аль боломжтой дөрвийг нь эцсийн байдлаар сонгоно гэж бодож байсан. Гэхдээ яг эхэнд байсан дөрвөн киногоо үзэгчдэд хүргэх боломж олдсон. Кино сонгох үйл явц хоёр сар хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн. Давчуу биш ч гэлээ мэдээж би өөрөө тухайн бүтээлүүдээ үзэж судалсан байх шаардлагатай. Ерөнхийдөө тохиромжтой кинонуудыг урьдчилж сонгоод, хэрвээ үзээгүй бол screener буюу цахим хэлбэрээр хүлээж авч үзнэ. Гэхдээ жижиг дэлгэцээр үзэх, өргөн дэлгэцээр үзэх хоорондоо маш ялгаатай гэдгийг бодож үзэх хэрэгтэй байдаг. Өнгөрсөн хоёр жил олон кино наадмуудаар үзсэн кинонуудаа жагсаагаад сонгосон.

Тухайлбал, “Lesson Learned (Сургамж)” хэмээх киног Локарногийн олон улсын кино наадмын үеэр үзэж байсан, наадмаас хоёр ч шагнал авсан. Токсик бол Локарногийн кино наадмаас хамгийн дээд шагналыг хүртсэн, найруулагчийнх нь дебют кино байсан. “Happyend ( Аз жаргалтай төгсгөл)” бол өөр нэг кино наадамд хөтөлбөр боловсруулагчаар ажиллаж байхдаа үзэж байсан кино. 2021 оны Улаанбаатар кино наадмын нээлтийн кино болох “Compartment No.6”-ийн найруулагч Juho Kuosmanen-тай өнгөрсөн 4-р сард болсон Хонг Конгийн кино наадамд хамт шүүгчээр ажилласан юм. Тэгээд найруулагчийн “Silent Trilogy” гэх шинэ бүтээлийг үзэж, мастеркласст нь сууж байсан. Уг киноны агуулга залуу үеийн тухай биш, кино өөрөө заавал залуу үзэгчдэд зориулагдаагүй ч гэлээ дуугүй кино гэдэг өөрөө кино урлагийн бага залуу үе шүү дээ гэж бодоод энэ киног сонгосон.

Эдгээр киног наадамд авчрах хүртэл ямар үйл явц өрнөдөг вэ?

Канн, Венец, Берлин, Торонто, Локарно, Нью-Йорк зэрэг 1-р зэрэглэлийн наадмууд нь дэлхийд шинээр гарч буй шилдэг кинонуудыг анх танилцуулдаг бол дараагийн шатны буюу 2-р зэрэглэлийн наадмууд тэдгээр бүтээлүүдийг үзэгчдэд хүргэдэг. 

Кино үйлдвэрлэл гурван үе шаттай:

  1. Кино бүтээх буюу production,
  2. Кино түгээх буюу distribution,
  3. Кино толилуулах буюу exhibition

“Залуу үзэгч” хэсгийн киног сонгох үйл явц нь түгээлтээс өмнө болсон. Монголд эдгээр (ер нь дийлэнх) гадаад кинонуудын түгээх эрхийг авдаг компани байдаггүй учраас олон улсад тухайн киног борлуулж буй компанитай нь шууд холбогддог. Найруулагч, продюсерууд бүтээлийн борлуулалтын эрхийг нэг газарт өгдөг бөгөөд бид тэр газартай нь холбогдож, дижитал хувилбарыг авч, энд орчуулан үзэгчдэд хүргэдэг.

Орчин үеийн кино урлаг ба залуу үе

Кино сонирхдог залуучууд маш их байна. Харин эсрэгээрээ кино хийж байгаа нь цөөхөн байгаа юм болов уу гэж хардаг. Нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамааралтай байх. Жишээ нь, сонгуулийн жил кино продакшны багийн зураглаач, эвлүүлэгч нар сонгуулийн ажил хийдэг учраас кино хийх хүн олдохгүй болдог. Гэхдээ хэнд ч буруу өгөх аргагүй санагддаг. Зөвхөн кинонд ажиллаад амьдралаа болгоод явах боломж хэр их билээ. Кино сонирхогч олширч байгаа нь сайшаалтай ч кино бүтээгчдийн тоо харамсалтай нь нэмэгдэхгүй байна. 

Кино соёлын боловсролыг өсгөхөд ямар орон зай, дэмжлэг хэрэгтэй байна гэж боддог вэ?

Хоёр жилийн өмнө Монголын кино урлагт сэргэлт гарсан сайхан үе байсан. “Баавгай болохсон”, “Сэр сэр салхи” зэрэг бүтээл Канн, Венец зэрэг нэр хүндтэй наадмын уралдаант хэсэгт шалгарсан нь залуу уран бүтээлчдэд урам өгсөн. Гэсэн ч кино хийх хүмүүсийн тоо цөөн хэвээр.

Энэ асуудлыг шийдэхийн тулд төрөөс дэмжлэг үзүүлэх, залуусыг дэмжих экосистем бүрдэх шаардлагатай. Бидэнд яарах шалтгаан байхгүй, бүх зүйл дөнгөж л эхэлж байна. Кино наадам дээр гадаад киноны үзвэр эхэлсэн ч яг кино нь өөрөө эхлэх гэж их уддаг даа. Ийм ч байгууллагын дэмжлэгтэй, тийм ч засгийн газар, сан, холбооны санхүүжилтээр бүтсэн гээд логонууд гардаг. Ерөнхийдөө тэдгээр байгууллага, холбоо, сангийн ихэнх нь засгийн газрын оролцоотой. Монголд харин төртэй холбогдсон бүтээлүүдийг заримдаа буруушаах хандлагатай. Тийм болохоор ийм дэмжлэг хэрэгтэй гэдгийг ойлгох чухал байна. Бүх зүйл ашгийн зорилгоор хийгдээд өөрийгөө санхүүжүүлээд явах ёстой гэвэл урлаг, уран сайхан гэж үгүй болно.

Ирээдүйд Монголын кино наадмуудын чиг хандлага хэр байна гэж бодож байна вэ?

Энэ жилээс UBIFF-ийн үеэр тодруулдаг “Хангарьд” шагнал шилдэг баримтат кино шалгаруулах төрөлтэй болж байгаад маш их баяртай байгаа. Сүүлийн хоёр жил баримтат кино судалж, энэ чиглэлд нийтлэл, ярилцлага хийж байгаа болохоор олзуурхаж байгаа. Өмнө нь Австралийн найруулагч Gabrielle Brady-ийн “Чоно үүр шөнөөр ирдэг”, найруулагч Kasimir Burgess-ийн “Төмөр өвөл” зэрэг Монголын тухай кинонуудын талаар холбогдож ярилцлага авч байсан юм.

Баримтат киноны төрлийг системтэй дэмжвэл хийе гэсэн санаа, урам зориг хангалттай бий. Хэрвээ дэмжихгүй бол хийгдэхгүй л гэсэн үг. Учир нь энэ төрлөөр хэр ашиг олох бус, хэр их мөнгө алдах вэ гэдэг л яригддаг. Саяхан Берлиний кино наадамд очиж танилцуулагдах кино төслүүдийг шалгаруулахад “Давс үүрсэн 40 жил” баримтат киноны төсөл шилдгээр тодорсонд бас их баярласан. 

Улаанбаатар кино наадам олон улсын уралдаант хэсэгтэй болоосой гэж боддог. Энэ нь наадмын нэр хүндийг өсгөж, олон улсад илүү танигдах боломжийг нээх болно. Мөн зөвхөн кино гаргаад зогсохгүй, тэр бүтээлүүдээ үзэгчдэд улам сайн хүргэхийн тулд үзвэрийн өмнөх танилцуулга, үзвэрийн дараах яриа, сургалт хэлэлцүүлэг зэргийг үргэлжлүүлэн зохион байгуулаасай гэж хүсдэг.

Санал болгох гурван кино

“Залуу үзэгч” хөтөлбөрийн нэг кино болох “Happyend" (2024) санаанаас огт гарахгүй байна. Сая тав дахь удаагаа үзэхэд хүртэл өмнө нь мэдрэгдээгүй зүйлс мэдрэгдсэн.

Найруулагч Jia Zhangke-ийн “Caught by the Tides” (2024) бол түүний хамгийн романтик бүтээл гэж хэлж болно. Гэхдээ энэ найруулагчийн кинонуудыг үзэж байгаагүй бол энэ киногоор эхлэхийг зөвлөхгүй.

Мөн найруулагч Р.Доржпаламын “Нөмрөг хадны цуурай” (1966) бол монгол кино урлагийн маш үзэсгэлэнтэй бүтээл. Монгол кинонуудыг он цагийн дарааллаар судалж үзэх явцдаа энэ киног олж үзээд маш их таалагдсан.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.