Үзэсгэлэнгийн бэлтгэл ажил: Silver Print буюу мөнгөн хэвлэлийн арга

Үзэсгэлэнгийн бэлтгэл ажил: Silver Print буюу мөнгөн хэвлэлийн арга

Бид "Үнэн" үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын үеэр М.Лхагвасүрэн гуайн төрсөн хүү, Гамма агентлагийн гэрэл зурагчин Л.Элбэгзаяатай уулзаж, silver-print буюу мөнгөн хэвлэлийн тухай ярилцлаа.

Нийтэлсэн
10 сарын 6, 2025
Хуваалцах

Silver-print буюу мөнгөн хэвлэлийн арга гэж юу вэ?

Л.Элбэгзаяа: Silver print гэдэг нь мөнгөний галоген давстай тусгай, гэрэл мэдрэмтгий цаасан дээр хальсанд буусан дүрсийг гэрлээр шарж буулгаад, дараа нь 1-р хор (Developer) ба 2-р хор (Fixer)-оор угаан боловсруулах уламжлалт лабораторийн арга юм. Ингэж угааж буулгасан зураг нь гүн хар-цагаан өнгө, өндөр ялгаралтай бөгөөд удаан хадгалагддаг тул өндөр үнэ цэнтэйд тооцогддог.

Хальс боловсруулах олон арга бий: хар-цагаан, өнгөт хальсыг боловсруулах; туршилтын, тусгай арга; дижитал ба уламжлалт аргыг хослуулсан гээд. Судлаачдын тэмдэглэснээр түүхийн явцад 2000 орчим арга хэрэглэгдэж иржээ. Тэдгээрээс хамгийн өргөн хэрэглээтэй, аюулгүй, чанартай нь silver print бөгөөд 1800-аад оны сүүлээс эхлэн дэлгэрсэн. Дижитал эрин иртэл дэлхий даяар бараг стандарт болж байсан гэж хэлж болно.

Монголд ч энэ арга хэрэглэгдэж байсан уу?

Л.Элбэгзаяа: Тийм ээ. Миний аав М.Лхагвасүрэн ч мөн энэ аргаар хар цагаан хальсаа боловсруулж ирсэн. Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодод мартагдаж байсан ч дахин сэргэж эхэлж байна. 

Хальсаар авсан зургийг дижиталаар сканнердаж, хэвлэх нь ажиллагаа багатай, амар мэт боловч хальсны жинхэнэ үнэ цэнэ, амьтай мэдрэмжийг өгч чаддаггүй. Харин Silver print аргаар буулгасан гэрэл зураг үнэхээр амьтай, амьсгалтай болдог. Гэрэл, сүүдрийг гараар тааруулдаг учир яг адилхан зураг хоёр дахиа гарч ирэх бараг л боломжгүй. Энэ нь өөрөө дахин давтагдашгүй, илүү үнэ цэнтэй болгож байгаа юм.

Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын тухайд

Л.Элбэгзаяа: Үнэн түүхийг өгүүлэх “Үнэн” хэмээх энэхүү үзэсгэлэнд 1961–1990 оны хооронд авсан зургуудыг дэлгэнэ. Нийт 60 гаруй зураг багтсан бөгөөд тухайн үеийн монголчуудын амьдрал, төрх, бид ямар нийгэмд амьдарч ирснийг баримтжуулан харуулах зорилготой. Түүхэн үйл явдлыг хадгалан үлдээсэн, дахин давтагдашгүй гэрэл зургууд гэдэг утгаараа чухал үзэсгэлэн болж байна. 

Залуу гэрэл зураг сонирхогчид, шинээр хальс сонирхож эхэлж буй хүмүүст энэ аргыг зааж, түгээн дэлгэрүүлэх бодолтой байна. Угаас дэлхий дахинд ч дахин сэргэж байгаа тул илүү бодитой, үнэ цэнтэй хальс боловсруулах нэг чиглэл хэвээрээ үлдэнэ гэж харж байна.

Үзэсгэлэнгийн нээлт 10 сарын 10-ны өдөр 19:00 цагт Монголын Үндэсний Музейд болох тул гэрэл зураг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Гэрэл зургийг: @maagaa

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.