Данийн найруулагч Софи Хусум Йоханнесен

Данийн найруулагч Софи Хусум Йоханнесен

Софи найруулагч хэдхэн хоногийн өмнө монголд анх удаа ирж, кино сонирхогчдод өөрийн туршлагаа хуваалцсан юм. Түүнийг ирэхэд цасгүй байсан ч удалгүй Улаанбаатарт анхны цастай будран орсонд үнэхээр их баярлаж, сэтгэл нь хөөрсөн гэв. Софи бол Скандинавын орнуудын нэг Дани улсад төрж, өссөн кино найруулагч билээ.

Нийтэлсэн
10 сарын 28, 2024
Хуваалцах

16 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадамд оролцож байгаа сэтгэгдэлээ юун түрүүнд хуваалцаач. Таны бодлоор наадмын бусад наадмуудаас ялгарах онцлог нь юу гэж бодож байна? 
Наадамд хамтран найруулсан “Түрлэг эхлэх цагаар” баримтат киногоороо оролцоод, наадмын зочноор уригдсандаа маш их баяртай байна. Монголд ирэхээс ч өмнө наадмын зохион байгуулагчид намайг маш уриалгахан хүлээж авсан. Бас зохион байгуулагчдын ихэнх нь эмэгтэй хүмүүс байсан нь их ойр байсан шүү. Киноны нээлт болон “АВДРАА УУДАЛ: Баримтат кино бүтээх нь” сургалтын үеэр ч намайг ирсэнд баяртай байгаа талаараа цөөнгүй хүн сэтгэгдлээ хуваалцсан. 

Антропологич болсон түүхээсээ хуваалцаж болох уу? 
Антропологи бол үргэлж миний сонирхол байсан. Аав ээж маань Африкийн Зимбабве улсад ажилладаг байв. Би 11 нас хүртлээ тэнд өссөн. Тэр үеэс л өөр улсын соёл, амьдралын хэв хаяг зэргийг судалж эхэлсэн гэж болно. Гэхдээ антропологи гэдэг бүтэн салбар байдгийг ч тухайн үед мэддэггүй байлаа шүү дээ. Миний сонирхол зүгээр нэг судлах биш, илүү бүтээлчээр аливааг эрэлхийлэх байсан. Тиймээс бакалавраа антропологичоор төгссөнийхөө дараа визуал антропологич буюу кино, хөгжим, гэрэл зураг гэх урлагийн төрлийг уламжлалт антрополигитой холбох "гүүр" гэж болохуйц кино найруулагч мэргэжлээр магистрт үргэлжлүүлэн суралцсан. Тэгээд баримтат киноны компанид дадлагажигчаар ажиллаж эхэлмэгц “Тийм ээ! энэ миний хайгаад байсан юм мөн байна” гэж бодсон.

“Түрлэг эхлэх цагаар” кинонд анх яаж ажиллаж эхэлсэн бэ? 
 Хамгийн анх нэг уулзалт дээр найзаасаа үндсэн санааг нь сонсоод надад их сонирхолтой санагдсан. Яг ч кино хийх хэмжээний гэдгийг нь тэр үедээ мэдээгүй ч юун түрүүнд ганцаараа ямар ч камергүй очоод хүмүүстэй нь уулзахаар шийдсэн. Тэгээд бүтэн долоо хоногийн турш хүмүүстэй ярилцаж, түүхийг нь сонсож өнгөрүүлсэн. Түүний дараа кино хийх боломжтой сэдэв байна гэдгийг олж анзаарсан. Ингээд буцаж ирээд продакшн багтайгаа уулзаад Испанийн найруулагч болох Хуантай мөн уулзсан. Тэрээр өмнө нь Испанийн нэгэн цөл газар буюу өвөө эмээгийнхээ амьдардаг жижиг тосгоны талаар кино хийж байсан туршлагатай найруулагч юм. Тэр газар нь манай кино бүтээгдсэн арлаас маш хол газар. Хуан найруулагчид өөрийн гэсэн киноны хэв маяг бий. Үнэхээр урлаглаг. Миний антропологийн суурь, хүмүүсийг илүү дотроос нь судалдаг арга барилыг  Хуан найруулагчийн хэв маягтай хослуулвал гайхалтай зохицол гарна гэдэгт бүрэн итгэсэн. Энэ бүхний эцэст киноны ажилдаа ханцуй шамлан орсон доо. 

Монгол баримтат киноны онцлог, гоо сайхныг та юу гэж харж байна вэ?
Одоогоор тийм ч их монгол баримтат кино үзээгүй байгаа ч миний зүгээс хэлж чадах онцлог ялгарал гэвэл яалт ч үгүй үзэсгэлэнт байгаль, уур амьсгал, монгол хүмүүсийн амьдралын хэв маяг болон шашин, уламжлал, соёлын цогц хослол юм. Гэхдээ надад үзэхийг хүссэн монголын маш олон гайхалтай бүтээлүүдийг байгаа. 

Антропологич хүний хувьд хүмүүсийг судлахдаа тэдний оршин байгаа орчныг бас үргэлж давхар судалдаг. Ирээд удаагүй байгаа ч монгол хүмүүс байгаль орчин, хүн амьтантайгаа маш хүчтэй холбоотой юм шиг санагдсан. 

Урлагийн өөр ямар төрөлд сонирхолтой вэ?
Өсвөр насандаа жүжиглэдэг байсан. Жүжгийн урлагт бараг л 10 жил зарцуулсан. Үүнээс гадна гэрэл зураг үргэлж л миний дэргэд байсан. Энэ бүхэн бүгд л баримтат кинотой холбоотой, эхлэл нь болсон байх. Жаахан байхдаа яагаад ч юм дүү нараа жүжигчид болгоод өөрөө найруулаад кино хийж байна гэж тоглодог байсан. Мөн дууны клип зэрэг жижиг хэмжээний видео хийдэг байснаа бодохоор миний хийж байсан бүхэн аудио-визуал медиатай холбоотой байсан байгаа юм. 

Та өөрийн бүтээлүүдээ хөгжимтэй холбон тайлбарлаач. Жишээ нь, "Түрлэг эхлэх цагаар" киног санагдуулдаг цомог эсвэл дуу гэж бий юу? 
Тийм уран бүтээлч юм уу хамтлаг нэрлэ гэвэл “Pink Floyd” гэж хэлнэ. Кино зураг авсан арал маань Копанхаген хотоос их хол газар учраас бид ирж очих замдаа машинд радион дээр “Pink Floyd” их сонсдог байсан. Нэг талаараа киноны жижиг элементүүдийг дуунуудаар нь илэрхийлсэн гэж хэлж болно. Киноны хөгжимд их төвлөрч, тунгааж бодох хэрэгтэй болсон. Үзэгчдэд яг тэр арал дээр байгаа мэт бодит мэдрэмжийг төрүүлэхийн тулд хөгжим, шуум маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Хөгжмийг зохиож тавихаас илүүтэй тухайн газрын байгаль орчны чимээг ашиглах нь миний киноны хөгжмийг бүтээх арга. Манай хамтарч ажилласан хөгжмийн зохиолч, дууны найруулагчид кино дундуур явж байгаа хөгжмийг хийхдээ үзэгчдийг өдөөх, кинотой илүү холбогдох тал дээр анхаарсан. 

Үнэндээ би боломжтой бол өнгөрсөнд ч бай, ирээдүйд ч бай маш олон газрын, маш олон үед очиж амьдрах юм сан гэж боддог. Тийм зүйл болохгүй л дээ. Гэхдээ энэ дундаас онцолмоор байгаа үе бол маргаангүй 1970-аад он. 

Багадаа үзэх дуртай байсан кино тань юу вэ? 
Бодож үзлээ л дээ, маш олон кино толгойд орж ирж байна. Хамгийн түрүүнд гэвэл, Данийн хуучны хүүхдийн кинонууд. Миний бодлоор Дани улс бол хүүхдэд зориулсан кино, нэвтрүүлэг хийхдээ маш онцгой уламжлалт арга ашигладаг. “War of the Birds” хэмээх хүүхэлдэйн кино бий. Хэдэн шувууд бие биенийхээ эсрэг тулаан хийдэг тухай өгүүлдэг. Дани хэлээр бол “Fuglekrigen i Kanøfleskoven” гэдэг. Дани хэл бусад орны хүмүүст их хэцүү, сонин санагддаг байж магадгүй.

Хэл гэснээс кино найруулагчид өөр улсад кино хийхээр болоход хэлний хүндрэл бэрхшээл багагүй тулгардаг байх. Ийм нөхцөлд хэрхэн ажилладаг вэ?
Тийм шүү. Ийм үед бол хэлмэрчийн хэрэгцээ их гардаг. Үүнийг тэгж аргалж болно. Гэхдээ бүх хүмүүст санаагаа ойлгуулахын тулд урьдчилаад шаардлагатай бүх бичиг, баримт, эх зохиолоо орчуулж хөрвүүлэх хэрэгтэй болно. Иймээс тухайн нэг улсын хоёр хэлтэй, бүх яриа, бичвэрийг алдаагүй орчуулж өгөх, үл ойлголцол үүсэхээс сэргийлэх төлөөлөгч хэрэгтэй болдог доо. 

Баримтат киног анхлан сонирхож буй хүмүүст ямар кино санал болгох вэ?
Ямар нэг киноны нэр тодотгож хэлэхээс илүү зүгээр л киноны дүрүүдээ суулгаад ярьж байгааг нь бичээд авчихсан тийм баримтат киног нэг их зөвлөхгүй. Харин өөр бүтээлч аргаар хийгдсэн, жүжиглэлт, тавилтыг хослуулсан тийм л киног үзээсэй гэж хүсэж байна. Орчин үед ийм төрлийн кино их хийгдэж байгаа. Өнөө л нэг камерын урд суулгаад яриаг нь бичдэг арга хоцрогдоод байна шүү дээ. Мөн тухайн дүрүүдтэйгээ онцгой холбоо хамаарлыг үүсгэсэн нь киноноосоо ил мэдрэгддэг тийм кинонуудыг үзэх хэрэгтэй. 

Та антропологич юм уу, баримтат киноны найруулагч биш бол өөр ямар мэргэжлээр ажиллах байсан бэ?
Одоо хийж байгаа бүх зүйлсдээ, кино, антропологит үнэхээр дуртай, хайртай. Гэхдээ энэ бүхнээс гадна өөр сонирхдог, дурладаг зүйлс бий л дээ. Магадгүй 10 жилийн дотор хийж байгаа зүйлсээ өөрчлөх, солих шаардлагатай болвол би дэлхийгээр аялагч болно гэж бодож байна. 

Манай сайтын уншигчдад зориулан ТОП 3 КИНО хэлнэ үү. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.